card

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам.

                                                                       Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

                                                                       Захирлын 2021 оны ...  дугаар сарын ....- ны

                                                                       өдрийн А/ ...    дугаар тушаалын хавсралт

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН

БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Албан бус-Насан туршийн боловсролын төвийн Хөдөлмөрийн дотоод журам нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль” болон бусад холбогдох хууль, тогтоомж, эрхийн актыг үндэслэн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын хувийн сахилга бат, ажил үүргийн хэрэгжилт, үр дүнг дүгнэх зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.
  2. Байгууллагын албан ёсны нэр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төв гэх бөгөөд цаашид төв гэнэ.

 

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

 

  1.  Байгууллагыг төвийн захирал удирдана.
  2.  Захирлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар, бусад ажилтан, албан хаагчдыг төвийн захирлын тушаалаар ажилд томилох ба ажлаас чөлөөлнө.
  3. Удирдах албан тушаалтан болох дэд захирал, сургалтын менежер нь   өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнг захиралд тайлагнана.
  4. Ажилтан, албан хаагчид нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнг дэд захирал болон сургалтын менежерт тайлагнана.
  5. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг батлах, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллана.
  6. Удирдах ажилтнууд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажилтан, албан хаагчдын эрх, үүргийн харилцааг дотоод журмаар зохицуулна.

 

Гурав. Төвийн дотоод үйл ажиллагаа

 

  1. Төвийн захирал нь “Хөдөлмөрийн тухай хууль”, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн тушаал, шийдвэр гаргана.
  2. Төвийн захирлын гаргасан тушаал шийдвэрийг холбогдох ажилтнуудад архив, бичиг хэргийн ажилтан танилцуулан гарын үсэг зуруулна.
  3. Архив, бичиг хэргийн ажилтан нь хурлын тэмдэглэлийг үнэн зөв хөтөлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.
  4. Хугацаатай үүрэг даалгавар авсан ажилтан, албан хаагч нь тогтоосон хугацаанд удирдах албан тушаалтанд биечлэн тайлагнаж дүгнүүлнэ. 
  5. Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг байгууллагын ажилтан, албан хаагчид  үндсэн ажилдаа мөрдөж ажиллана.

 

 

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналтын тогтолцоо

 

  1. Төвийн ажилтан, албан хаагчид үйл ажиллагаагаа жил, сараар төлөвлөж удирдах ажилтнуудад тайлагнана.
  2. Шуурхайн биелэлт, цаг үеийн холбогдолтой мэдээ, тайланг шаардлагатай хугацаанд нь гаргаж өгнө.
  3. Төвийн ажилтан, албан хаагчид үйл ажиллагааны хүрээнд хийсэн тайлан, бичиг баримтаа хагас, бүтэн жилээр заавар журмын дагуу бүрдүүлж,  архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

 

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

 

  1. Байгууллагын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагийн 09:00 цагт зохион байгуулна. Хурлын тэмдэглэлийг архив, бичиг хэргийн ажилтан үнэн зөв хөтөлнө. 
  2. Шуурхай зөвлөгөөний биелэлтийг тухайн сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гаригт архив, бичиг хэргийн ажилтанд файлаар өгнө
  3. Архив, бичиг хэргийн ажилтан шуурхай зөвлгөөний биелэлтийг нэгтгэж танилцуулна.
  4. Сар бүрийн 1, 3 дугаар долоо хоногийн баасан гарагт Арга зүйн цаг, 2, 4 дүгээр долоо хоногийн баасан гарат Хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагаа зохион байгуулна.
  5. Албан хаагчид үйл ажиллагааны тайланг тухайн сарын 20-ны өдөр гаргаж удирдах ажилтанд тайлагнан, ажлаа дүгнүүлнэ. Удирдах ажилтнууд 21-ний өдөр захиралд танилцуулж 25-ны өдөр дараа сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулна.
  6. Тус төвийн захирлын тушаалаар зохион байгуулагдсан ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа хагас, бүтэн жилээр төлөвлөж, тайлагнана.
  7. Албан хаагчид хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцын болон үр дүнгийн мэдээг хуваарийн дагуу байгууллагын болон дүүргийн цахим хуудасд байршуулна.
  8. Албан хаагчид хуваарийн дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэж тэмдэглэлийг хөтлөнө (гадуур ажлын дэвтэр, цагийн бүртгэл, жижүүрийн тэмдэглэл).

 

Зургаа: Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт
бичиг хувилах, олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

 

6.1 Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдлөг болгон ажиллана.

6.2. Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг байгууллагын ажилтан, албан хаагчид  үндсэн ажилдаа мөрдөж ажиллана.

 

Долоо: Хоёр ба гурван талт харилцаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа

 

  1. Байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Төрийн ба Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг ханган ажиллана.
  2. Байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн үйл аиллагааны хүрээнд гурван талт гэрээ байгуулж, хэрэгжүүлж ажиллана.
  3. Албан хаагч нь байгууллагатай үүссэн хөдөлмөрийн харилцаанд үүссэн асуудлыг байгууллагын “Хөдөлмөрийн маргаан таслах комисс”-т өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.

Найм. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

 

8.1. Ажил олгогч нь иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө “Хөдөлмөрийн тухай хууль”,  байгууллагын  “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэс болгоно.

8.2. Сул ажлын байранд ажилтан авахдаа мэргэжил мэдлэгийн хувьд албан тушаалын тодорхойлолтонд тэнцэхүйц иргэнийг сонгон шалгаруулалтаар ажилд авна.

8.3. Ажил олгогч нь иргэнийг ажилд авахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж хөдөлмөрийн гэрээ /ажил гүйцэтгэх гэрээ/, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээг байгуулж ажилд томилно.

8.4. Албан хаагч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг байгууллагын удирдлагат 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж ажил хүлээлцэх бэлэн байдлыг бүрэн хангасан байна.

8.5. Байгууллагын удирдлага “Хөдөлмөрийн тухай хууль”-д заасны дагуу албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг чөлөөлөхөөс 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

Ес. Ажил, амралтын цагийн горим

 

9.1  Долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Төвийн ажлын үргэлжлэх хугацаа нь 8:30-17:30 цаг, цайны цаг нь 12:30-13:30 минут хүртэл үргэлжилнэ.

9.2 Багш нар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 02/413 тушаалаар батлагдсан хавсралтын дагуу 20 цагийн тогтолцоогоор сургалт явуулж, гүйцэтгэлийг сургалтын менежерээр тооцуулж, үнэлүүлнэ. Алсын хороодод сургалт явуулсан тохиолдолд зам цагийг оруулж тооцно /12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт-3 цаг, 9,10, 16, 21 дүгээр хороо- 2 цаг, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт- 1 цаг/.

9.3 Ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн багшийн гүйцэтгэх ажил үүргийн онцлог, хичээлийн хуваарь зэргийг харгалзан зохицуулж болно.

9.4 Албан хаагч нь байгууллагаас гадуур ажиллах бүрт гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хийнэ.

9.5 Ажлын цагийн цахим бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно. 

9.6 Цаг ашиглалтын тооцоог сар бүр гаргаж тасалсан, хоцорсон нийт цагийг 8 цаг тутамд ажилласан хоногоос 1 өдрийг хасаж тооцно.

9.7 Албан хаагчид нь хуулийн дагуу нийтээр амрах баярын өдөр болон бямба, ням гарагт амарна.

9.8 Ээлжийн амралт олгохдоо эхний жил ажиллаж буй албан хаагчдад ажилласан хугацаанд нь тооцож олгоно.

 

Арав. Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, түр чөлөө

10.1. Цалин хөлс

10.1.1 Хөдөлмөрийн тухай хууль, засгийн газрын холбогдох тогтоолын дагуу цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцож олгоно.

10.1.2. Амралтын өдөр нийтээр зохион байгуулсан /цэрэг татлага, онцгой байдал, явуулын нэг цэгийн үйлчилгээ, нээлттэй хаалганы өдөрлөг/ ажилд ажилласан  тохиолдолд ажилтан, албан хаагчдад “Хөдөлмөрийн тухай  хууль”, дээд газрын захирамжлалын бичиг, байгууллагын дотоод журамд заасны дагуу илүү цагийн хөлс олгоно.

 

10.2. Шагнал, урамшуулал

10.2.1. Оны эцэст хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг доорх шалгуураар дүгнэж сургалтын алба болон захиргаа аж ахуйгаас тус бүр 1,2,3-р байр эзлүүлэн:

1-р байр ----“Хөдөлмөрийн аварга” үндсэн цалингийн 1.5%

2-р байр --- үндсэн цалингийн 1%

3-р байр --- үндсэн цалингийн 0.8%-иар шагнаж урамшуулна.

Хан-уул дүүргийн Албан бус –Насан туршийн боловсролын төвийн албан хаагчдын ажлыг жилийн эцэст үнэлэх шалгуур үзүүлэлт:

  • Жилийн ажлын дундаж  үнэлгээ /0-5 оноо/
  • Сахилгын шийтгэлтэй эсэх /0-5 оноо/
  • Шинээр санаачилж хийсэн ажил /0-5 оноо/

                 Багаараа

                 Хувь хүн өөрөө

  • Ажлаа тайлагнасан байдал /0-5 оноо/

 

  1. Шагналд тодорхойлох

Албан хаагчийн ажилласан жил, ур чадвар, хөдөлмөрийн үр бүтээмж, үзүүлсэн амжилт зэргийг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцэн зохих журамд нийцүүлэн шагналд тодорхойлно.

10.3. Тэтгэмж тусламж үзүүлэх тухай

10.3.1. Ажилтан, албан хаагч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2 сараас дээш хугацаагаар эмчлүүлж сувилуулах тохиолдолд байгууллагаас 1 удаа   буцалтгүй тусламж олгоно.

10.3.2. Байгалийн гамшиг, гал түймэр, үер усны аюулд эд материалын хохирол амссан бол байгууллагаас 1 удаа буцалтгүй тусламжийг үзүүлнэ.

10.3.3. Ажилтан, албан хаагчид сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бол 30 хоногийн өмнө ажил олгогчид бичгээр мэдэгдэнэ. Байгууллага сурч боловсрох нөхцөлөөр хангана. Сараас дээш хугацаагаар сурах бол шаардлагатай материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичигт:  

  1. Өргөдөл
  2. Сургуулийн тодорхойлолт, албан бичиг
  3. Бусад /гэрээ хийх/

10.4 Түр чөлөө олгох

10.4.1. Ажилтан, албан хаагчид урт хугацааны чөлөө авах бол өргөдлөө захирлын дэргэдэх зөвлөлд өгч /цалинтай, цалингүйг/ шийдвэрлүүлнэ. Өвчний улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ар гэрийн гачигдал, гэр бүлийн гишүүнээ асран халамжлах зэрэгт ажилтны өргөдлийг үндэслэн 1 сар хүртэлх чөлөө олгож болно.

10.4.2. Ажилтан, албан хаагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авахдаа өмнөх өдөр нь багш нар сургалтын менежерт, захиргаа аж ахуйнхан дэд захиралд мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд захирал чөлөөг эцэслэн олгох  ба  чөлөөний хуудас бөглөж, нягтланд өгнө. 

10.4.3. Ажилтан, албан хаагч нь чөлөөний хугацааг хэтрүүлж үл болно.

10.4.4. Ажилтан, албан хаагчийн өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах эгч, үр хүүхэд, ойрын төрөл төрөгсөд нь нас барсан тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. Цалинтай чөлөөний хугацаандаа багтаж ирж чадахгүй болсон тохиолдолд цалингүй 5 хүртэлх хоногийн чөлөө олгоно.

10.4.5. Ажилтан, албан хаагчдад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор жилд 1 удаа    дараалсан 3 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.

10.4.6. Ойн арга хэмжээний үед 1 хоног, хурим, найр /өөрийн ах, эгч, дүү болон үр хүүхэд/-ийн үед 3 хоногийн цалинтай чөлөө олгоно. /Хүндэтгэх шалтгаантай үед 5-7 хоногийн чөлөө олгоно/

10.4.7. Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 6 дугаар бүлгийн 107 дугаар зүйлийн дагуу жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулан ажиллана. 

 

Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

 

  1. Монгол Улсын “ Хөдөлмөрийн тухай хууль”, Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, биелүүлээгүй үйлдлийг сахилгын зөрчил гэж үзнэ.
  2. Сахилгын зөрчил /байгууллагын  нэр хүнд унагасан, хөтөлбөргүй хичээл заасан, өөрийн буруугаас ноцтой зөрчил гаргасан, эд хөрөнгө  эвдсэн, мөнгийг  шамшигдуулсан, үрэгдүүлсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан, чөлөөний хугацааг хэтрүүлсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгийг захирлын зөвшөөрөлгүйгээр гадагш гаргасан,  ажлын цаг ашиглалтын зөрчил гаргасан, албан тушаалын тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажил үүрэгтэй нь холбогдуулан ажил олгогчоос тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлдэггүй, ажлын хариуцлага алдсан/ гаргасан тохиолдолд захирлын тушаалаар дор дурдсан сахилгын шийтгэлийг оногдуулна.   

                     А. Сануулах

                     Б. Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

                     В. Хөдөлмөрийн гэрээг цуцлах

 

  1. Ажилтан, албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах зарчмыг баримтална. 

А. Анх удаа сахилгын зөрчил гаргасан /багш ажилтан болон хамт олонтойгоо зүй бус харьцсан, ажил тасалсан, ажлаас удаа дараа хоцорсон, зөрчил дутагдал гаргасан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх мэт/ бол сануулах арга хэмжээ авна.

Б. Давтан сахилгын зөрчил гаргавал удирдлагын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах  

В. Үндсэн цалинг бууруулан ажиллах хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.

Г. Ажлын байранд архи уусан, хулгай хийсэн тохиолдолд шат дараалсан сахилгын арга хэмжээ авахгүй шууд ажлаас хална.

  1. Сахилгын 1 зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй.
  2. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
  3. Сахилгын шийтгэл оногдуулсан тухайн сард үндсэн цалингаас бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгохгүй
  4. Байгууллагын эд хогшил, өөрийн хариуцсан эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хадгалж ариг гамтай эдэлж, бусдад ашиглуулах, зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахыг хориглоно. Эд материал тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглана.
  5. Ажилтан өөрийн буруугаас байгууллагын эд хөрөнгийг гэмтээн эвдэлсэн, үрэгдүүлсэн бол бусад шийдвэр /сахилгын, захиргааны, эрүүгийн/ оногдуулсэн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг 100% барагдуулна. 

 

Арван хоёр. Ажилтны эрх, үүрэг

12.1. Байгууллагын удирдлага, хамт олны үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх талаар санал шүүмжлэлээ удирдлагадаа чөлөөтэй илэрхийлнэ.

12.2.  Хөдөлмөрлөх аятай нөхцөлөөр хангуулна.

12.3.  Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс авна.

12.4.  Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр, тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдэлнэ.

12.5.  Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журамд заасан эрх эдэлнэ.

12.6. Ажилтан, албан хаагч нь амьдралын гачигдал тохиолдвол өргөдөл хүсэлтээ удирдлагад гаргана.

12.7. Хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн бүхий л мэдлэг ур чадвар, бололцоогоо бүрэн дайчилж үр дүнтэй чанартай биелүүлж, гүйцэтгэлийг хугацаанд нь тайлагнан дүгнүүлж ажиллана.

12.8.  Байгууллагын дүрэм, журам, заавар, удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь зохих шаардлагын дагуу биелүүлж ажиллана.

12.9. Ажилтан, албан хаагч нь хүндэтгэх шалтгаантайгаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд ажил эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө удирдлагад заавал утсаар мэдэгдэнэ. Мэдэгдээгүй тохиолдолд тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно.

12.10. Ажлын байр, анги танхимдаа эмх цэгцтэй, хувийн сахилга бат, ёс журмыг баримтлан ажиллана.

12.12. Байгууллагын эрх ашгийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөх, ажил үүрэгтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахин биелүүлнэ.

12.13. Ажилтан нь сургалтын нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг урдчилан батлуулж хичээл заах ба батлуулаагүй тохиолдолд тухайн цагийн хичээлийг сарын гүйцэтгэлээс хасаж цалинг олгоно. 8 цаг хүрвэл ажилласан хоногоос хасна.      

12.14. Сар бүрийн 20-ны өдөр ажлын үр дүнг удирдах албан тушаалтануудад тайлагнаж ажиллана. Ажлаа дүгнүүлээгүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгохгүй.

12.15. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн албан хаагчид болон цагийн багш, гэрээт багш нар дагаж мөрдөх ба энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

12.16. Ажилтан, албан хаагчид хуулиар буюу ажил олгогчоос байгууллагын нууцад тооцсон санхүү, ажил хэргийн болон бусад нууцыг чандлан хадгалах бөгөөд ямар нэгэн хэлбэрээр задруулахыг хориглоно.

Арван гурав.  Ажил олгогчийн эрх, үүрэг

13.1. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

13.2. Ажил олгогч нь байгууллагын үйл ажиллагааны зорилго, удирдлага, зарчим, албан тушаалын тодорхойлолтыг оновчтой гарган, ажилтныг ажил үүргээ биелүүлэх аятай нөхцөл бололцоо, хөдөлмөрийн эрүүл аюулгүй орчноор хангана.

13.3. Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний үр дүнд тохирсон цалин хөлс олгоно.

13.4. Ажлын жигд ажиллагааг хангах зорилгоор ажлын байрыг зохих техник хэрэгслээр хангах, шаардлагатай мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг байнга өгч байна.

13.5. Ажилтан, албан хаагчдын сурч боловсрох, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх хүсэлт, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, дэмжлэг үзүүлнэ.

13.6. Ажилтан, албан хаагчдын дунд ажил хэрэгч, хамт олонч, идэвх санаачилгыг өрнүүлэн санаачилгатай ажиллана.

13.7.  Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлсийг тогтоосон хугацаанд хуулийн дагуу олгох ба нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг төлнө.

13.8. Хөдөлмөрийн хуулинд заасан бусад эрх, үүрэг эдэлнэ.

 

Арван дөрөв: Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх

 

14.1. Ажил олгогчийн  эрх үүрэг

14.1.1.Ажил олгогч нь ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт  мэдээллээр хангах үүрэгтэй 

14.1.2.Ажил олгогч нь ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй 

14.2. Ажилтны эрх үүрэг

14.2.1 Байгууллагын хэмжээнд АББД-тай холбоотой хэрэгжүүлж буй дүрэм журмыг сахин биелүүлэх холбогдох сургалтад хамрагдах байгууллага дотроо болон бусад харилцагч байгууллагын ажилтан албан хаагч үйлчлүүлэгч нарт бэлгийн дарамт үзүүлэхгүй байх үүрэгтэй

14.3. Гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх

14.3.1. Бэлгийн дарамтад өртсөн төрийн албан хаагч нь тухайн зөрчилд холбогдогчийн ажиллаж  байгаа төрийн байгууллагад хандан шийдвэрлүүлэнэ.

14.3.2. Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдол мэдээллийг зөрчилд холбогдолчийн дээд шатны албан тушаалтан эсвэл ёс зүйн зөвлөлийн гишүүд хүлээн авч бүртгэж байгууллагын удирдлагад танилцуулна.

14.3.3. Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдлын үндэслэлийг шалгаад ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн бол холбогдох ёс зүйн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Арван тав.Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт  оруулах

 

15.1 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах асуудлыг ажилтан албан хаагчдын гуравны хоёрын саналыг үндэслэн байгууллагын удирдлага шийдвэрлэнэ.

15.2 Өөрчлөлтийг тухай бүр албан хаагчидад мэдэгдэх бөгөөд батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

15.3 Дотоод журамд тусгагдаагүй асуудал гарвал холбогдох хууль, эрх зүйн актын дагуу шийдвэрлэнэ.

15.4. Хөдөлмөрийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнүүлнэ.                   

 

Арван зургаа. Хөдөлмөрийн дотоод журам хүчин төгөлдөр болох хугацаа 

 

16.1 Энэхүү дотоод журмыг ...... оны ... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

                                                                       

 

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам.

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/88 тоот "Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр"-ийг баталсан.

https://ncle.edu.mn/public/files/A88%20Bol%20nuhun%20olgoh%20hutulbur.pdf

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/756 тоот "Насан туршийн боловсрол" хөтөлбөрийг баталсан.

https://ncle.edu.mn/public/files/-756%20(1).pdf

                                                  

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомж

2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг;

4.1.2."хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг;

4.1.3."тохирох хэрэглэгдэхүүн" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;

4.1.4."түгээмэл загвар" гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг;

4.1.5."хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг;

4.1.6."боломжит дээд хэмжээ" гэж тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн төрлөөс хамаарч алдагдсан чадварыг нь сэргээж болох дээд хэмжээ;

4.1.7."урьдчилан сэргийлэх" гэж иргэн, хамт олны оролцоотойгоор өвчин эмгэг, осол гэмтлийн эрсдэлээс хамаарах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, өвчин эмгэгийг эрт илрүүлж эмчлүүлэх, тэдгээрээс үүдэн гарах эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг;

4.1.8."туслах хэрэгсэл" гэж биеийн бүтцийн гажиг, үйл ажиллагааны алдагдлыг орлох, засах, хамгаалах, дэмжих, гэмтэл учрахаас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хэрэгслийг;

4.1.9."асаргаа сувилгааны хэрэгсэл" гэж асруулж байгаа хүний эрүүл мэндийн хэвийн байдлыг хангах, асарч байгаа хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хэрэгслийг;

4.1.10."ариун цэвэр-эрүүл ахуйн материал" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах, зайлшгүй хэрэгцээтэй материал хэрэгслийг;

4.1.11."бие даан амьдрах эрх" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн өөртэй нь холбоотой аливаа асуудлаар бие даан шийдвэр гаргах, сонголт хийх, оролцох боломжийг;

4.1.12."хөтөч нохой" гэж хараагүй хүн тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах зорилгоор тусгайлан сургаж, бэлтгэсэн нохойг;

4.1.13."дохионы хэлний хэлмэрч, орчуулагч" гэж сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилдэг хүнийг.

5 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад баримтлах зарчим

5.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих;

5.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний сонголт хийх эрх, хараат бус байдлыг хүндэтгэх;

5.1.3.сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших зэрэг бүхий л харилцаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

5.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрхийг хангах, тэдний онцлог байдлыг хүндэтгэх;

5.1.5.хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш, хүртээмжтэй хүргэх явдал нь бүх нийтийн үүрэг байх;

5.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ТЭГШ ОРОЛЦОХ ЭРХ

6 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах

6.1.Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

6.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний таатай, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд энэ хуулийн 6.2-т зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.3.1.нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх;

6.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;

6.3.3.хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах, ялгавартай хандах;

6.3.4.хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

6.3.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах;

6.3.6.төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах, зайлсхийх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх.

6.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд энэ хуулийн 6.2-т зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.4.1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

6.4.2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

6.4.3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

6.4.4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

6.4.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.4.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

6.5.Дараахь үйлдлийг бусад ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.5.1.хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх;

6.5.2.гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадваржуулах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийх;

6.5.3.хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хүнийг үр хүүхдээ асрамжиндаа авах эрхийг хязгаарлах.

6.6.Төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.7.Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

6.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралд тэгш оролцох эрхийг нь бодитой хангах зорилгоор онцлогт нь тохируулан авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй.

7 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх

7.1.Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;

7.1.2.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;

7.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх;

7.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;

7.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оролцоог хангана.

7.3.Энэ хуулийн 7.1.4-т заасан арга хэмжээг зохион байгуулах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлж болох ба холбогдох зардлыг Нийгмийн халамжийн сангаас гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

8 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээ

8.1.Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

8.2.Нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн үйлчилгээ, барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, хиймэл эрхтэн, туслах болон асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, хэрэгсэл, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар батална.

8.3.Төрийн байгууллага нь нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, шаардлагатай стандарт, удирдамжийн баримт бичгийг боловсруулах, хяналт шалгалт хийх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба холбогдох зардлыг улсын төсөвт тусгана.

8.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах, түүнд мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс, хувцас, орон байр, ахуйн хэрэгслээр хангах арга хэмжээг авч, зардлыг барилга, зам, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусган шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Орон сууц, дэд бүтцийн байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

9.1.Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна.

9.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн авто болон явган хүний зам, замын байгууламжийн заавал дагаж мөрдөх үндэсний стандартыг барилга, зам, тээвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын байгууллага батална.

9.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй буюу түүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн орчны болон дотоод зохион байгуулалтын заавал дагаж мөрдөх үндэсний стандартыг барилгын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

9.4.Орон сууц, нийгмийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулах барилгын комиссын бүрэлдэхүүний дөрөвний нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.

9.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахыг хориглоно.

10 дугаар зүйл. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

10.1.Нийтийн тээврийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

10.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцсэн нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоол, үйлчилгээний заавал мөрдөх үндэсний стандартыг тээвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын байгууллага батална.

10.3.Нийтийн тээврийн байгууллага энэ хуулийн 10.2-т заасан стандарт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

11.1.Мэдээллээр үйлчилдэг хуулийн этгээд нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харьцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

11.2.Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

11.2.1.төрийн байгууллагын цахим хуудас хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээллийг чөлөөтэй авах боломжийг бий болгох;

11.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан компьютерын дэлгэц дээрх бичгэн мэдээллийг дуу авиа руу хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч, программ хангамж болон шинэ технологи, систем, тусгай хэрэглээний тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг эх хэл дээрээ ашиглах боломжийг бий болгох;

11.2.3.ном, сурах бичиг, сонин сэтгүүл, төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, барааны шошго зэрэг бүх төрлийн хэвлэмэл материалыг хүртээмжтэй ашиглахад зориулсан бар кодтой хэвлэх;

11.2.4.цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

11.2.5.төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

11.2.6.хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус радио, телевизийг төрөөс дэмжих.

11.3.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2.1, 11.2.2, 11.2.3, 11.2.4-т заасан арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох байгууллагатай хамтран хангаж, шаардагдах зардлыг улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

11.4.Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ.

12 дугаар зүйл. Монгол дохионы хэл

12.1.Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй.

12.2.Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулгын үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэх журмыг боловсролын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

13 дугаар зүйл. Брайль үсгийн стандарт

13.1.Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана.

13.2.Брайль үсгийн стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын төв байгууллага батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ

14 дүгээр зүйл. Сурч боловсрох эрх

14.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад иргэний хамт сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй бөгөөд энэхүү эрхийг нь хангах чиглэлээр төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

14.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн авьяас билэг, бүтээлч чанар, оюуны болон бие бялдарын чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, орчныг бий болгох;

14.1.2.хувь хүний чадамж болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хөгжүүлж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг бэхжүүлэх;

14.1.3.бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

14.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах.

14.2.Бүх шатны боловсролын байгууллага нь энэ хуулийн 37.2.1-д заасан комиссын дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллага хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж, бэлтгэл ажлыг хангаж, боловсрол эзэмшүүлнэ.

14.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, мэргэжил эзэмших эрхийг хангах чиглэлээр төрөөс энэ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4-т зааснаас гадна дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

14.3.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тухайн бэрхшээлээс нь үл хамаарч бүх шатны боловсролын байгууллагад бүрэн хамруулах;

14.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тэдний хүйс, оршин суугаа газар, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран бүх шатны боловсролд тэгш хамруулах, тухайн хүүхэд, залуучуудын онцлог, хэрэгцээг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, тэдний шаардлагад нийцсэн хичээлийн анги, танхимыг ердийн сургуулиудад зохион байгуулах үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээх.

14.4.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд нь боловсролын байгууллагын болон нийгмийн ажилтан холбогдох мэдээллээр хангах үүрэгтэй.

14.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, хөгжүүлэх, бүх шатны боловсрол олгох үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг Засгийн газар батална.

15 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл

15.1.Бүх шатны сургалтын байгууллага болон мэргэжил олгох төв нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид амьдрах ухаан, мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх бөгөөд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

15.1.1.тухайн суралцагчийн онцлогт тохирсон хамгийн зохистой арга хэлбэрээр боловсрол олгох;

15.1.2.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг онцлог хэрэгцээнд нь тохирох ном, сурах бичиг, гарын авлага, материал, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;

15.1.3.сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулах;

15.1.4.сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүй, арга барил эзэмшсэн багш, сурган хүмүүжүүлэгч явуулдаг байх;

15.1.5.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах идэвхи, санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн брайль үсэг, дохионы хэл болон харилцааны бусад арга хэлбэрийг хэрэглэх, орон зай, чиг баримжааны чадвар олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;

15.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бие дааж амьдрах чадвар олгох, бүрэн болон бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн бол цаашид суралцах, эсхүл хөдөлмөр эрхлэх, мэргэжлээ сонгоход нь туслалцаа үзүүлэх;

15.1.7.элсэлтийн шалгалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нээлттэй, хүртээмжтэй, онцлог хэрэгцээ, шаардлагыг нь хангасан орчин, нөхцөлд авах;

15.1.8.боловсролын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ажил олгогчдод танилцуулах, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах.

15.2.Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

15.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

15.4.Хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн сургалтын байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөл, эцэг эхийн оролцоотойгоор боловсруулж батална.

15.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн явц, ахицын өөрчлөлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага эцэг, эхийн оролцоотой хэлэлцэж, дүгнэлтийг энэ хуулийн 37.2.1-д заасан комисст хүргүүлнэ.

15.6.Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг боловсролын зээлийн сан хариуцна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.7.Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн тухайн жилийн төсөвт тусгана.

15.8.Энэ хуулийн 15.6-д заасан сургалтын зардлын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

15.9.Энэ хуулийн 15.7-д заасан ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт, зардлын хэмжээ, олгох журмыг боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

15.10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах засаг захиргааны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагыг энэ хуулийн 15.1-д заасан сургалтын орчныг бүрдүүлэхэд зориулж тусгай хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, холбогдох зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэнэ.

15.11.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын онцлог хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, дохионы хэлний толь бичиг зохиох, хэвлэх, түгээх, засан сайжруулах, брайль болон программ хангамжийг монгол хэл рүү хөрвүүлэх, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах болон шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

15.12.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

16 дугаар зүйл. Багшийн мэргэжил

16.1.Багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллах агуулга, арга зүйг тусгана.

16.2.Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн байна.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан арга зүй, арга барилыг олгох сургалт болон зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага гүйцэтгэж болно.

16.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний багш, сэтгэл зүйч, арга зүйчийг сургалтын төрийн сангийн зардлаар дотоод, гадаадад сургаж бэлтгэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

17 дугаар зүйл. Хөдөлмөрлөх эрх

17.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.

17.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

17.3.Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бий болгож ажиллуулах үүрэгтэй.

17.4.Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа энэ хуулийн 6.4-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

17.5.Цалин хөлс олгож байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг зогсоохыг хориглоно.

17.6.Холбогдох хуульд заасан шалгуурыг ханган, нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүний халамжийн тэтгэврийг Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу зохицуулна.

18 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих

18.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ:

18.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах;

18.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах;

18.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

18.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;

18.1.5.мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах;

18.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх.

19 дүгээр зүйл. Ажлын байрны сонгон шалгаруулалт

19.1.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг харгалзан үзнэ.

19.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо түүний хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, шаардлагад тохирох тусламж, нэмэлт цаг ашиглах эрхтэй.

19.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хуулийн 19.2-т заасан хэрэгцээ, шаардлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллага хүсэлтийг хүлээн авах үүрэгтэй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

20 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

20.1.Төрөөс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, сувилах, сэргээн засах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

20.2.Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, эрт илрүүлгийн урвалж бодисын зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл. Хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл

21.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл, авах зардлыг Нийгмийн даатгалын, Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын, Тэтгэмжийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн сангаас тус тус санхүүжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ

22 дугаар зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ

22.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг дараахь чиглэлээр үзүүлнэ:

22.1.1.өвчин, эмгэг, гэмтэл, бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн эрүүл мэндийн чиглэл;

22.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил боловсрол, мэргэжил эзэмшихийг дэмжих боловсролын чиглэл;

22.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр бүл, хамт олондоо эдийн засгийн хувьд хувь нэмрээ оруулахыг дэмжих хөдөлмөрийн чиглэл;

22.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүн, гэр бүл, хамт олны дунд бусдын адил үүрэг хариуцлага хүлээсэн, идэвхтэй, бие даасан гишүүн болохыг дэмжих нийгмийн чиглэл;

22.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн бүхий л харилцаанд оролцохыг дэмжих дэд бүтэц, зам тээвэр, мэдээллийн технологийн хүртээмжийн.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

23 дугаар зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ эрхлэх

23.1.Энэ хуулийн 22.1-д заасан үйлчилгээг өмчийн бүх хэлбэрийн байгууллага үзүүлнэ.

23.2.Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тохиолдолд зардлыг бүрэн болон хэсэгчлэн тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ.

23.3.Энэ хуулийн 22.1-д заасан үйлчилгээний стандартыг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

23.4.Энэ хуулийн 22.1-д заасан үйлчилгээг эрхлэх байгууллагад тавигдах шаардлагыг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран боловсруулж батална.

24 дүгээр зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний хөтөлбөр

24.1.Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь тухайн хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

24.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг энэ хуулийн 37.8-д заасан дүгнэлтийн дагуу хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээнд заавал хамруулах үүрэгтэй.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖ

25 дугаар зүйл. Нийгмийн хамгаалал хүртэх эрх

25.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах зорилгоор төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

25.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглээний протез, ортопед, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, асаргаа сувилгааны болон бусад туслах хэрэгслээр хангах;

25.1.2.хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, туслах үйлчилгээ авах боломжоор хангах;

25.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулах.

25.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана.

25.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

26 дугаар зүйл. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт

26.1.Энэ хуулийн 3.1-д заасан хүнд нийгмийн халамжийн сангаас доор дурдсан тусламж, хөнгөлөлт үзүүлнэ:

26.1.1.байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

26.1.2. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;

26.1.3.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох;

26.1.4. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

26.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;

26.1.6.насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;

26.1.7.дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:

26.1.7.а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;

26.1.7.б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;

26.1.7.в.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь.

26.1.8.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах;

26.1.9.бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;

26.1.10.нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

26.1.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;

26.1.12.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгох;

26.1.13.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгох;

26.1.14.хараагүй хүний брайлийн үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;

26.1.15.нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгох;

26.1.16.аарцаг эрхтэний үйл ажиллагаа алдагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр зайлшгүй шаардлагатай асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материалын дэмжлэг үзүүлэх.

26.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрөлжсөн асрамжийн болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулж болно.

26.3.Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн болон тэдгээрийг асран хамгаалагчийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тусламжид хамруулна.

26.4.Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ БУСАД ЭРХ

27 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа авах эрх

27.1.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

27.2.Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн шаардлагатай хууль зүйн зөвөлгөө, тусламж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

27.3.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө.

27.4.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангах ба үйлчилгээний зардлыг улсын төсөвт тусгана.

28 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх

28.1.Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, тэдэнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг гэр бүл, хамт олонд нь түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хүүхдийн хөгжлийн төвийг байгуулан, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд тусгай хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэхийг төрөөс дэмжинэ.

28.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол болон сэргээн засах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

28.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээнд хамруулна.

28.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, бүх төрлийн дарамт, мөлжлөгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт татагдан орох зэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль сахиулах, хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын болон төрийн эрх бүхий холбогдох байгууллага хэрэгжүүлнэ.

28.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой аливаа бодлого, шийдвэрийг гаргах явцад тэднийг үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангана.

28.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдээ өсгөн бойжуулах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ.

28.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийг тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хориглоно.

28.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нь холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу нэмэлт тэтгэлэг төлнө.

29 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх

29.1.Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг боловсрол, хөдөлмөр, нийгэм, эдийн засгийн салбарт хангах зорилгоор төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

29.1.1.хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх;

29.1.2.хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, дарамтанд өртөх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах;

29.1.3.гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртсөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, хууль зүйн, сэтгэл зүйн болон бусад шаардлагатай үйлчилгээг тэдгээрийн сэтгэл зүй, нас бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн мэргэшлийн түвшинд чанартай үзүүлэх;

29.1.4.гэрч, хохирогчийг хамгаалах байр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх.

30 дугаар зүйл. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох

30.1.Бүх шатны сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн саналаа бие даан, чөлөөтэй, нууцаар өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

30.2.Бүх шатны сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид хүртээмжтэй байна.

30.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгогдох, төрийн аливаа албанд томилогдон ажиллахад нь улс төрийн нам, эвсэл, төрийн байгууллагууд дэмжих үүрэгтэй.

30.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар улс төрийн нам, эвслүүд бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгана.

31 дүгээр зүйл. Хувийн нууцыг хүндэтгэх

31.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний захидал харилцаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлийн нууц болон нэр төр, алдар хүндийг холбогдох хууль тогтоомжоор хамгаална.

31.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлж байгаа аливаа этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний нууцыг задруулахыг хориглоно.

32 дугаар зүйл. Бие даан амьдрах эрх

32.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй.

32.2.Хувийн туслах үйлчилгээ, зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх нь хангагдана.

32.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлж болно.

32.5.Бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг нийслэл, аймгийн халамжийн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллага гүйцэтгэнэ.

32.6.Энэ хуулийн 32.2, 32.3, 32.4, 32.5-ыг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын оролцоог хангана.

32.7.Төрөөс хараагүй хүнийг тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах хөтөч нохойг тусгайлан сургаж бэлтгэх ба дотоодод сургаж бэлтгэсэн хөтөч нохойны үнийг есөн жилд нэг удаа олгоно. Хөтөч нохойг сургах, түүнийг хэрэглэх журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих

33.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцсон биеийн тамир, спортын тэмцээн, уралдаан нь түүний чадавхид зохицсон байна.

33.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортын тэмцээн, уралдаанд оролцоход нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.

33.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ:

33.3.1.хөгжлийн бэрхшээлтэй хүн биеийн тамир, спортоор хичээллэх, өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд дэмжих үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх;

33.3.2.биеийн тамир, спортын байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүн тэмцээн уралдаан, нийтийн биеийн тамирын арга хэмжээнд оролцох, бэлтгэл сургуулилт хийхэд тохиромжтой заал, талбай болон тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон байх;

33.3.3.хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг олимп, паралимп, тусгай олимп, дифлимп, дэлхийн, тивийн хэмжээний олон улсын тэмцээнд холбогдох журмын дагуу шалгаран явахад нь хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлэх.

33.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

33.5.Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хүүхэд олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд Засгийн газраас баталсан жишгийн дагуу мөнгөн урамшуулал олгоно.

34 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжих

34.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийн оронд зохиогдох соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцоход төрөөс дэмжинэ.

34.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн соёл, урлагийн арга хэмжээнд оролцох, өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

35 дугаар зүйл. Соёл, урлагийн бүтээлийн хүртээмж

35.1.Соёл, урлагийн бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

35.2.Уран зохиол, шинжлэх ухааны ном, сонин, сэтгүүлийг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах, хэрэглэх боломжтойгоор орчин үеийн арга, техник, технологи ашиглан хэвлэх, бүтээх, түүнчлэн музей, номын сан, соёл, урлагийн бүтээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

36 дугаар зүйл. Онцгой байдлын үед авах арга хэмжээ

36.1.Хүний амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, нийтийн эмх замбараагүй байдал, дайн бүхий байдал зэрэг онцгой байдал бий болох үед хөгжлийн бэрхшээлтэй хүнд энэ тухай хүртээмжтэйгээр мэдээлэх, тухайн үед амь нас, эрүүл мэндийг нь онцгой байдлын нөхцөлтэй уялдуулан хамгаалах үүргийг төрийн холбогдох байгууллага хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ

37 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох

37.1.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь шалгуураар тогтооно:

37.1.1.эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, ангилал, хугацаа;

37.1.2.биеийн үйлдэл, үйл ажиллагааны олон улсын ангилал.

37.2.Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь комисс /цаашид "Комисс" гэх/ тогтооно:

37.2.1. 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс;

37.2.2. 16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс;

37.2.3.хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс.

37.3.Энэ хуулийн 37.2.1-д заасан комисс хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, 37.2.2-т заасан комисс нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд тус тус ажиллана.

37.4.Энэ хуулийн 37.2.1, 37.2.2-т заасан комисс нь орон тооны бус салбар комисстой байна.

37.5.Энэ хуулийн 37.2.1-37.2.3-т заасан комиссын дүрмийг Засгийн газар батална.

37.6.Энэ хуулийн 37.2.1-д заасан хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.7.Энэ хуулийн 37.2.2-т заасан хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.8.Комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэн тогтолцооны бүтцийн алдагдал, хугацаа, ангилалыг тогтоож, дүгнэлт гаргана.

37.9.Энэ хуулийн 37.2.2-т заасан комиссоос гаргасан дүгнэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хамт олонд түшиглэн хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт бичиг болно.

38 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэх

38.1.Энэ хуулийн 37.2-т заасан комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болно.

38.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд бүртгэл, статистикийн төрийн захиргааны байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгнө.

38.4.Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэхийн загвар, түүнийг олгох журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, нэгтгэсэн "Мэдээллийн нэгдсэн сан"-г бүртгэл, статистикийн төрийн захиргааны байгуулага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангана.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ

39 дүгээр зүйл. Засгийн газрын чиг үүрэг

39.1.Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

39.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

39.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

39.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

39.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх;

39.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

40 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

40.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрх болон нийгмийн хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

40.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулах, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

40.3.Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ.

40.4.Энэ хуульд заасан төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно.

41 дүгээр зүйл. Орон тооны бус зөвлөл

41.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж болно.

41.2.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.

41.3.Зөвлөлийн ажлын албаны үүргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

41.4.Зөвлөл нь аймаг, нийслэл, дүүрэгт салбар зөвлөлтэй байх бөгөөд салбар зөвлөлийг Засаг дарга тэргүүлнэ.

42 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

42.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

42.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

42.1.2.дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламж, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шат дараалсан арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

42.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хөгжүүлэх үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

42.1.4.аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр үйлчлэх санал, санаачилгыг дэмжих;

42.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах;

42.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, түүний хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулах, урлаг соёл, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрх, эрх чөлөөг хүндэтгэх нөлөөллийн арга хэмжээ авах.

43 дугаар зүйл. Хуулийн этгээдийн нийтлэг эрх, үүрэг

43.1.Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараахь нийтлэг эрх, үүрэгтэй:

43.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэх;

43.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхдээ олон улсын чиг хандлагын дагуу түгээмэл загвар хэрэглэхийг эрхэмлэх;

43.1.3.нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх;

43.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралын идэвхтэй оролцоо, түүний амжилт, бүтээлийг хамт олонд нь сурталчлах, урамшуулах;

43.1.5.хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх;

43.1.6.өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд энэ хуулийн 43.1.5-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх;

43.1.7.хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих;

43.1.8.ажилтан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь шүүхээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлөх;

43.1.9.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллах;

43.1.10.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

44 дүгээр зүйл. Гомдол, нэхэмжлэл гаргах

44.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээдээс зөрчлийг арилгуулахыг шаардах, холбогдох хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.

44.2.Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хуульд заасан эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ.

45 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

45.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

45.1.1.энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан зөрчил гаргасан хувь хүнийг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад 14 хоногоос доошгүй хугацаагаар хамруулна.

45.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтаны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэм хор, хохирол, хор уршиг учирсан бол буруутай этгээдээр холбогдох хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД