Хүүхэд сургуульд ороод хэдий хугацаанд дасан зохицох, хэр зэрэг амжилттай суралцах эсэх нь эцэг эхийн зүгээс өгсөн сургуулийн тухай ойлголтоос шалтгаалж байдаг. Шинэ хамт олныг хүлээж авахад сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх нь чухал. Энэ нь дараа дараагийн шинэ орчинд тайван, өөртөө итгэлтэйгээр шилжиж сурах үндэс юм.
• Үүрэг хариуцлагын тухай ойлголтыг төлөвшүүлэх: Форум өмсөх, даалгавар хийх, хичээл таслахгүй байх, багшийн зааварчилгаа болон сургуулийн дүрэм журмыг дагах зэргээр дамжин нийгмийн үүрэг хариуцлагын тухай анхны ойлголтыг авч байдаг. Энэ үед яагаад дагаж мөрдөх хэрэгтэй байдаг, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд гарах үр дүнгийн талаар насны онцлогт тааруулан тайлбарлан ярилцаж байх нь чухал.
• Бие даахад нь туслах: Би сургуульд орж байгаа, багш надад даалгавар өгсөн, би даалгавраа хийнэ, энэ миний хичээлийн хэрэгсэл гэх мэт ойлголт нь бие даасан хүн болж буй мэт мэдрэмжийг хүүхдэд төрүүлж байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хийсэн зүйлийг нь урамшуулах, бие дааж шийдвэр гаргахад нь туслах, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх, хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлээрэй.
• Сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэхэд сургах: Гэр бүлийн орчинд өөрийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг байсан хүүхэд сургуулийн орчинд өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ сайн мэддэггүй. Үүнээс болж сургууль дээрээ бүрэг, дуу цөөтэй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх нь цөөнгүй. Өөрт таалагдаагүй, бухимдсан, баярласан, хэрэгцээ шаардлага гарсан, саад бэрхшээлтэй учирсан тохиолдолд өөрийгөө хэрхэн илэрхийлэх, бусдад ойлгуулах, асуудлаа шийдвэрлэх аргад хүүхдийг сургах хэрэгтэй байдаг. Иймээс сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургахын тулд өөрт болон бусдад тохиолдсон жишээн дээр ярилцах, хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох байсан талаар ойлгуулах, дараагийн удаа оролдлого хийж үзэх зэргээр сургаарай.
• Өөрийн “Би”-гийн тухай эерэг төсөөлөлтэй болгох: Хүүхэд өөрийн хийж буй үйлдэл, бусдын хандан хэлж буй үг бүрээс өөрийгөө олж харж, өөртөө тусгаж авч байдаг. Энэ үед хүүхэдтэй урамшуулах аргаар харилцах нь өөрийн тухай эерэг бодолтой болох, сайжрах хүслийг төрүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг бий болгох тустай. Харин хийсэн үйлдэлд нь таараагүй хэтрүүлсэн магтаалаас зайлсхийгээрээ эцэг эхчүүдээ.
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сэтгэл судлаач: Б. Хэрлэн