Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, даалин зүү ороох оёдол, солонгос хэлний сургалтуудын 11 дүгээр сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2018.11.30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70цагийн тус тус хөтөлбөрт 40 иргэн амжилттай суралцаж “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.
Энэ сарын онцлох нэгэн шинэ сургалт нь солонгос хэлний сургалт байлаа. 20 хоногийн хугацаанд өөрийгөө танилцуулж, олон нийтийн газар хэрхэн харилцах, цаашлаад эссэ бичих чадварт хүртэл суралцсан байлаа. Төгсөлтийн үеэр өөрсдийн сурсан хэлээрээ зохиомжит үзүүлбэр үзүүллээ.
Мөн оёдлын сургалтад биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргахад тулгуурлан монгол цамц, дээл эсгэж оёх, плаж, юубка зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлага ойлголт мэдлэгтэй болдог.
Үсчний сургалтаар үс засалтын түүхэн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үсний бүтэц, онцлог, эмэгтэй, эрэгтэй өдөр тутам, гоёлын засалт, хими хийх, цайруулах, сорлох, гоёлын сүлжээс, гэмтэлтэй үс хуйхны эмчилгээ зэрэг онол, дадлагыг хийж сурцгаасан.
Даалин оёх сургалтаар зүү ороож хатгах, хээ угалзны ангилал, загасан нуруу, өнгийн дагнаас гаргах, олон төрлийн монгол үндэснийхээ гар урлалд суралцсанаар орлого олох, амьдралаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нийт төгсөгчиддөө өндөр амжилт, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье.