Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам

/БСШУСС-ын 2018 оны А/168 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн

362 дугаар тушаалын хавсралт

 

 

 

БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ

 

                                                           

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1.1. Иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн  албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.

 

1.2. Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт (цаашид "сургалт" гэх)-ын агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь суралцагчдын боловсрол эзэмших хэрэгцээ, боломжид тулгуурласан чөлөөтэй, уян хатан, олон хувилбартай байна.

 

1.4. Сургалтын бага боловсролын түвшинд 10 ба түүнээс дээш, суурь, бүрэн  дунд боловсролын түвшинд 15 ба түүнээс дээш насны иргэд хамрагдан суралцана.

 

ХОЁР. Сургалтын зохион байгуулалт

 

2.1. Сургалтыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дүгнэлтийг үндэслэн  сум, дүүргийн Засаг дарга бүртгэж, захирамж гаргаснаар иргэн, хуулийн этгээд (цаашид "сургалт зохион байгуулагч" гэх) бие даасан хэлбэрээр, эсвэл, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

2.2. Сургалт зохион байгуулах тухай бүртгэлийн хүчинтэй байх хугацаа хоёр жил байх ба сургалтын чанар, үр дүнд үндэслэн, цаашид хоёр жилийн хугацаагаар сунгаж болно.

 

2.3. Сургалт зохион байгуулагч нь сургалт явуулахаар хүсэлт гаргахдаа дараах шаардлагыг хангасан байна:

 

2.3.1.  Сургалт явуулах танхим, техник хэрэгслээр хангагдсан байх;

 

2.3.2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 287 дугаар тушаалаар батлагдсан "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-т нийцүүлэн боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар батлуулсан байх;

 

2.3.3. Сургалт явуулахад шаардагдах бага, суурь, бүрэн дунд боловсролын сурах бичиг, сургалтын модулиудыг бэлтгэсэн байх;

 

2.3.4. Сургалт явуулах багш нь багшлах эрхтэй, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын агуулга, холимог бүлгийн сургалтын арга зүйн сургалтад хамрагдсан байх;

 

2.3.5. Сургалт зохион байгуулагч нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна, төсөл, хөтөлбөр, хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүжилтийн бусад эх үүсвэртэйгээ нотолсон байх.

 

2.4.  Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Боловсрол, соёлын газрын дүгнэлтгүй, бүртгэлд ороогүй сургалт зохион байгуулагчид хуульд заасан санхүүжилт олгохыг хориглоно.

 

2.5. Энэхүү журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас энэ тухай хариу өгнө.

 

ГУРАВ. Сургалтын баримт бичиг

 

3.1.  Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрт дор дурдсан зүйлийг тусгаж батлуулсан байна:

 

3.1.1. Бага, дунд боловсролын стандартын "Агуулгын стандарт"-д нийцэж, амьдрах ухаанд суурилсан агуулга;

 

3.1.2. Бага, дунд боловсролын стандартын "Арга зүйн хөгжлийн үндэс", зайны болон холимог бүлгийн сургалтын зарчмыг баримталж, суралцагчдын хэрэгцээ сонирхолд суурилсан арга зүй;

 

3.1.3. Бага, дунд боловсролын стандартын "Үнэлгээний стандарт"-д нийцэж, суралцагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн үнэлгээ;

 

3.2.  Сургалтын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгаж  батлуулсан байна:

 

3.2.1.   Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хичээлийн жилийн бүтэц, зайны сургалт, бие даах болон танхимд хичээллэх сургалтын цагийн хэмжээ, хичээлийн хуваарь;

 

3.2.2.  Багшлах мэргэжлийн боловсон хүчин, санхүүгийн нөөцийн хуваарилалт, тооцоо;

 

3.2.3.  Боловсролын түвшин бүрээр судлах модулийн тоо;

 

3.2.4.  Давтлага, шалгалтын хуваарь.

 

3.3.       Сургалтын явц, үр дүнг дор дурдсан баримт бичигт хөтөлнө:

- Багшийн журнал;

- Суралцагчийн хувийн хэрэг;

-  Бага боловсрол эзэмшсэнийг гэрчлэх батламж;

- Суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэх.

 

ДӨРӨВ. Сургалтын хэлбэр, хугацаа

 

4.1.  Хичээлийн жил 10 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд сургалт зохион байгуулагч нь  жил бүрийн 9 дүгээр сарын 25-наас өмнө суралцагчдыг бүртгэж, суралцагч, эсвэл, тэдний хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулсан байна.

 

4.2. Сургалтын үргэлжлэх хугацааг бага боловсролын түвшинд жилд 550-иас, суурь боловсролын түвшинд 730-аас, бүрэн дунд боловсролын түвшинд 790-ээс доошгүй цагаар тус тус төлөвлөнө.

 

4.3. Сургалтыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, суралцах боломжид тохируулан танхимын, зайны, бие даах, гэрийн буюу шавь сургалт, түр цугларалтын аль нэгээр, эсвэл, эдгээрийн хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журмын 4.2-т заасан сургалтын хугацааг баримтална.

 

4.4. Суралцагч зайны болон бие даах хэлбэрээр суралцах гэрээ байгуулсан       тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа 21 хоногоос дээш хугацаагаар түр   цугларалт болон танхимын сургалтад заавал хамрагдсан байна.

 

4.5. Түр цугларалт ба танхимын сургалтын үед бүлгийг 15-аас, гэрийн буюу      шавь сургалтын үед 10-аас дээш суралцагчтай байхаар тус тус зохион байгуулна.

 

ТАВ. Сургалтын явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

5.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг даргын  тамгын газар, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын алба тус тус хяналт тавьж, үнэлгээ өгнө.

 

5.2. Хамран сургалт, захиргааны удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг бүх шатны Засаг дарга, сургалтын явц, чанар, үр дүн, хамрагдалтын талаар сургалт зохион байгуулагчаас гаргасан статистикийн мэдээллийг хянах үүргийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус тус гүйцэтгэнэ.

 

5.3. Суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг сургалт зохион байгуулагч, ерөнхий боловсролын сургууль, тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ.

 

5.4. Сургалт зохион байгуулагч нь суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж, төгсөлтийн шалгалт өгөх суралцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор багтаан ирүүлэх ба төгсөлтийн шалгалт өгөх, боловсролын үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг бага, дунд боловсролын төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулна.

 

5.5. Энэ журмын 5.1-д байгаа эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн сургалт явуулах боломжгүй тухай дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан нөхцөлүүдийн аль нэг шалтгаанаар бүртгэлээс хасах үүрэгтэй:

 

5.5.1. Сургалт зохион байгуулагч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан   буугдсан;

 

5.5.2.Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг 2-3 удаа зөрчсөн;

 

5.53. Сургалтын орчин, хөтөлбөр хэрэгжилт нь боловсролын стандартыг зөрчсөн, статистикийн мэдээллийг худал гаргасан, сургалт явуулж буй багш энэ журмын 2.3.4-т заасныг хангаагүй;

 

5.5.4. Суралцагчдад ногдох нормативт зардал болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар илэрсэн;

 

5.5.5. Албан боловсролын өдөр, орой, эчнээ, экстернат болон албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг давхардуулан суралцах нөхцөлийг бүрдүүлэн, боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон.

 

ЗУРГАА. Санхүүжилт

 

6.1.  Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй нэг суралцагчид ногдох нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

6.2. Сургалтын модулиудыг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах бөгөөд дүйцсэн     хөтөлбөрөөр сургалт явуулахад суралцагчаас төлбөр авахгүй.

 

6.3. Сургалт зохион байгуулагчид аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар болон сум, дүүргийн Засаг даргын тамгын газраар дамжуулан улсын төсвөөс санхүүжилт олгохдоо дараах баримт бичгүүдийг үндэс болгоно. Үүнд:

                        -    Сум, дүүргийн Засаг дарга бүртгэсэн тухай шийдвэр

                        -    Сургалт зохион байгуулагч харъяа нутаг дэвсгэрийн Засаг даргатай боловсрол нөхөн олгох, бие даан эзэмших сургалтад иргэдийг хамруулан сургах, үр дүнг тооцох, мэдээлэх талаар байгуулсан гэрээ

                        -    Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө

                        -    Багшлах боловсон хүчний судалгаа

-    Нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна санхүүжилтийн бусад эх үүсвэрийн талаарх баримт нотолгоо

                      -    Суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэл

-          Суралцагчтай байгуулсан гэрээ

-          Суралцагчдын шилжих хөдөлгөөний бүртгэл

-          Зохих анги, түвшний болон төгсөлтийн шалгалтын мэдээ, тайлан

 

 

 

6.4. Эдгээр баримт бичгийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор аймаг,  нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлэн баталгаажуулсан байна.

 

6.5.  Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар сургалт зохион байгуулагчийн болон сургалтын талаарх статистикийн мэдээллийг нэгтгэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүргүүлнэ.